 |
Хоёр Солонгосын хилийн маргаантай бүсэд живсэн Өмнөд Солонгосын хөлөг онгоцны үлдсэн хэсгийг өнгөрсөн бямба гарагт уснаас гаргажээ. Сөүлийн эрх баригчид өчигдөр таван өдрийн гашуудал зарлаж, энэ хугацаанд төрийн албан хаагчид нь хар тууз зүүн Төрийн далбааг хагас бөхийлгөхөөр боллоо.
Энэ хэрэг явдал хоёр Солонгосын хооронд үүссэн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж, БНСУ-ын Ерөнхийлөгч асан хоёр эрхмийг "Пхеньяныг эдийн засгийн хувьд шийтгэх хэрэгтэй" хэмээн эрх баригчдад хандахад хүргэжээ.
"Чонан" нэртэй нийт 1200 тонны багтаамжтай БНСУ-ын цэргийн томоохон хөлөг онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр гэнэт дэлбэрч, хоёр хуваагдан живсэн юм. Үүний улмаас 40 хүн амь үрэгдэж зургаан хүн ор сураггүй хэвээр байна. Хөлгийн хойд хэсгийг өнгөрсөн долоо хоногт уснаас гаргаж, олон улсын шинжээчдээс бүрдсэн тусгай ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Мөрдөх багийнхан хөлөг дээр гарсан ослыг яг ямар шалтгаантайг тогтоохыг зорьсон бөгөөд тэд дэлбэрэлт хөлгийн гадна талд буюу гадны нөлөөтэй болсон гэдэгт итгэлтэй байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак өмнөх Ерөнхийлөгч нартай өнгөрсөн баасан гарагт уулзсан нь энэ үйл явдлыг хэчнээн чухалчилж буйг харууллаа. Ерөнхийлөгч улс оронд нь хямрал нүүрлэж, үндэстнийх нь өмнө эв санаагаа нэгтгэх шаардлага гарсан үед л ийм үйлдэл хийдэг аж. Уулзалтад амьд сэрүүн буй өмнөх үеийн гурван удирдагчаас цэргийн дарангуйлагч асан Чон Ду Хван болон цэргийн дарангуйллыг эсэргүүцэж, консерватив улстөрч болсон Ким Ен Сам хоёр л эрүүл мэндийн хувьд уулзах боломжтой байв.
Ерөнхийлөгч асан хоёр эрхэм хөлөг онгоц руу Умардын тал довтолсон гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин Ерөнхийлөгч Ли Мен Бак мөрдөн шалгах ажлыг дуустал тийм мэдэгдэл хийхээс зайлсхийсэн бололтой. Ким ён Сам Умард Солонгосын нууц ажилтнуудыг 1960-аад онд тосгонд нь довтлон ирж, эхийнх нь амийг хороосон тухай дурсчээ.
Мөн Чон Ду Хван БНСУ-ын Ерөнхийлөгчийг 1983 онд Мьянмарт айлчлах үеэр аймшигт дэлбэрэлт болж, танхимийнх нь хэд, хэдэн сайд алагдсан тухай ярив.
Либерал үзэлтнүүд БНСУ-д эрх барьж байх үед буюу 1998-2008 онд "Нарны илч" нэртэй бодлого хэрэгжүүлсэн. Тэр үед иймэрхүү дурсамжийг сөхдөггүй байв. Учир нь Умардад тусалж, хамтарсан үйлдвэр байгуулах замаар ирээдүйд хоёр орныг нэгтгэнэ гэсэн бодлого баримталж байсан. Гэвч Ли Мён Бак 2008 онд засгийн эрхэнд гарснаар Пхеньяныг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж буйд нь хатуу байр суурь баримтлах болсон юм.
Ерөнхийлөгч Ли Мён Бак, "Цэргүүд өнгөрсөн сард амь үрэгдсэн нь дэмий өнгөрөөгүй" гэж өнгөрсөн мягмар гарагт ярьжээ. Тэрбээр "Энэ нь Умардын түрэмгий мөн чанарыг дахин сануулж, зэвсэгт хүчин маань өнгөрсөн 60 жилийн хугацаанд байлдааны бэлэн байдлаа ихээхэн алдсаныг харууллаа" гэжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын ард түмэн Сөүлээс 64 км зайд маш ихээр зэвсэглэсэн улс оршиж буйг байнга санаж байх ёстойг сануулж, цаашид аюулгүй байдлыг хангахад гойд анхаарал хандуулах хэрэгтэйг хэлсэн юм.
БНСУ, БНАСАУ нь 1953 онд түр зуур гал зогсоох гэрээ байгуулж, цэрэггүй бүс байгуулснаар хоёр орныг заагласан боловч энхийн гэрээ байгуулаагүй. Гал түр зогсоох гэрээнд БНАСАУ, НҮБ-ын төлөөлөгчдийн гарын үсэг байдаг боловч БНСУ-ын тал албан ёсоор гарын үсэг зураагүй.
Умард Солонгосын зүгээс Өмнөдөд довтлох зорилгоор газар доогуур олон зуун хонгил ухсан бөгөөд тэдгээрээс заримыг нь илрүүлсэн тухай мэдээ үе, үе гардаг. Сөүл нь Умард Солонгосын их бууны тусгалын зайд оршдог бөгөөд хоёр тал хилийн ойролцоох бүсэд нэг сая орчим цэргийн албан хаагч байрлуулсан юм. Мөн Өмнөд Солонгост АНУ-ын 28000 цэргийн албан хаагч байрладаг.
|