Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний нөхдийг суллалаа
  2021-03-03       377

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах хүсэлтийг хэлэлцсэн байна. Өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нар энэ удаа ялалт байгуулж, шүүх дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 26 нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн удаатай. Татгалзсан үндэслэлээ шүүгч нар “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 43 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “…Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ганбат, С.Мандахбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй…” гэх заалтыг анхан шатны шүүх үгүйсгэх, өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн боломжгүй” хэмээн тайлбарлаж байсан билээ. Хэргийн талаар сануулахад Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа бусадтай үгсэж, Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон хэмээн прокурор ялласан.